http://zgm.mn/post/3557/

Сүмо тайлбарлагч М.Цолмонбаяр Mitsubishi-г мэхэлсэн үү

Сүмо тайлбарлагч М.Цолмонбаяр Mitsubishi-г мэхэлсэн үү
http://zgm.mn/post/3557/
  • Хамажима Хироаки: Манай компани Цолмонбаярын байгуулах гэж буй дэвжээнд огт хөрөнгө оруулалт хийгээгүй
  • М.Цолмонбаярыг бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн ч түүнийгээ буцааж төлөөгүй, мөн хандив нэхэж дарамталсан тухай дурджээ
  • 2019 оны наймдугаар сарын 12-нд Сүмогийн дэвжээний шав тавих ёслол болсон бөгөөд үүнд М.Цолмонбаяр, Хироаки тэргүүтэн оролцсон



Японы мэргэжлийн сүмо бөхөд Китакасүгава нэрээр барилдаж байгаад зодог тайлсан сүмо тайлбарлагч М.Цолмонбаяртай холбоотой таагүй мэдээлэл цацагдсан. Энэ бол түүнийг Монголдоо сүмогийн дэвжээ байгуулах нэрээр бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн ч түүнийгээ буцааж төлөөгүй, мөн “хандив өргө” гэж нөлөө бүхий хүмүүсийг дарамталсан тухай юм. Тэр ч бүү хэл Монголоос Япон руу хүүхнүүд аваачиж биеийг үнэлүүлдэг тухай дурджээ. Хэрвээ монголчуудаас хохирсон хүн байвал холбогдож болох хаягийг оруулсан байв. Уг мэдээлэлд дурдсанаар М.Цолмонбаяр нь 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд Улаанбаатарт сүмогийн дэвжээнийхээ нээлтийг хийсэн байх ёстой. Гэвч тухайн өдөр ямар ч дэвжээний нээлт болоогүй юм. Харин уг дэвжээний шав тавих ёслол өнгөрсөн наймдугаар сарын 12-нд “Монгол Коосэн” техник, технологийн дээд сургуулийн кампус дотор болсон байна. “Уг дэвжээг Монголын өсвөр, залуучуудын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китакасүга М.Цолмонбаярын санаачилгаар байгуулж, Японы Mitsubishi корпорац ивээн тэтгэж байна” хэмээн тухайн үедээ мэдээлэл хүргэж байв. Гэтэл өнөөдөр өнөөх дэвжээ шав тавиад л зогссон байдалтай байна. Бид дээрх сургуулийн захирал М.Сэргэлэнтэй холбогдоход “Дэвжээ барих асуудал хөрөнгө оруулалт гацсанаас болоод зогссон. Одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. WIKI.JP сайтад нийтэлсэн мэдээллээр бол М.Цолмонбаяр нь дэвжээ байгуулахын тулд Mitsubishi-гээс дэмжлэг авсан ч өнөөдөр дэвжээ нь шав тавьснаас өөр зүйлгүй байгаа учраас ацан шалаанд оржээ. Харин энэ талаар Mitsubishi корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Хамажима Хироаки “Цолмонбаярын тухай гарсан мэдээлэл дээр ямар нэгэн тайлбар хэлэхгүй. Бидэнд мэдээлэл алга. Японы Гадаад явдлын яамнаас манай компанид анхааруулга өгсөн албан бичиг ирээгүй байна. Ер нь бол WIKI.JP сайт дээр гарсан мэдээлэл ташаа гэдгийг хэлье. Манай компанийн зүгээс Цолмонбаяртай ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид Монголд байгуулагдах дэвжээнд хөрөнгө оруулалт хийх талаар судалж үзсэнээс цаашгүй. Үнэнд нийцэхгүй ийм мэдээлэл цацагдсанд харамсаж байна” гэв. 







Коронавирусийн улмаас утсаа шинээр солих нь багасчээ

  • Хэрэглэгчид 2021 оны дунд үе хүртэл утас авахаа азнана

Зургадугаар сарын байдлаар дэлхий даяар найман сая гаруй хүнд халдаад буй коронавирусийн цар тахал улс орнуудын эдийн засгийг эрс унагаж хэрэглэгчдийн зардлыг хумихад хүргэсэн. Энэ нь ухаалаг утасны борлуулалтыг ч багасгах төлөвтэй байна. Counterpoint Technology Market Research компани хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлохоор ухаалаг утасны тэргүүлэх долоон зах зээлд судалгаа явууллаа. АНУ, Их Британи, Энэтхэг, Франц, ХБНГУ, Испани, Италид явуулсан уг судалгаанаас үзвэл ухаалаг утас хэрэглэгч гурван хүн тутмын нэг нь шинэ загвар авах зардлаа 20-иос багагүй хувиар багасгах бодолтой байна. Шинэ утас авахаа хойшлуулж буй хэрэглэгчийн хувь хэмжээ Энэтхэгт хамгийн их буюу 60 хувьтай гарчээ. Харин утсаа аль болох удаан барих хүсэлтэй хэрэглэгчийн тоогоор Испани 58 хувь, Итали 56 хувьтай оров. АНУ-д шинэ утас авахаа азнах бодолтой хэрэглэгчид судалгаанд оролцогсдын 41, ХБНГУ-д хамгийн бага буюу 34 хувьтай байна. Шинэ загварын ухаалаг утас худалдан авах зардлаа танах хэрэглэгчдийн одоогийн хандлага 2021 оны дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй. АНУ-тай хийж буй худалдааны дайнаас шалтгаалан дотоодын бүтээгдэхүүнээ түлхүү худалдаж авах “эх оронч хандлага” давамгайлсан нь БНХАУ-ын зах зээлд Apple-ын борлуулалтыг муутгаж, Huawei-гийн борлуулалтыг өсгөлөө. Counterpoint-ын судалгаагаар дөрөвдүгээр сард дэлхийн ухаалаг утасны зах зээлд борлуулалтаар Huawei анх удаа Samsung-ыг гүйцэж, тэргүүлэгч болсон билээ. Энэтхэг, АНУ зэрэг зарим зах зээлд хэрэглэгчдийн хандлага коронавирусийн цар тахлын анхдагч голомт болох БНХАУ-ын эсрэг чиглэж буйтай уялдан Made in China шошготой бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч буй нь гар утасны зах зээлд ч нөлөөлнө хэмээн шинжээчид таамаглаж байна. Судалгаанд оролцсон энэтхэг хэрэглэгчдийн талаас илүү нь хятад утас авахгүй гэсэн бол америк хэрэглэгчдийн 20 хувь Made in China шошготой бүтээгдэхүүн авах бодолгүй байгаа юм.

Хүннүгийн үеийг илэрхийлсэн хөшөөт цогцолбор удахгүй нээгдэнэ

Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой өнгөрсөн жил тохиосон билээ. Тус ойн хүрээнд Богд хааны ордон музейн орчим хөшөө дурсгалын цогцолбор байгуулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байв. Уг зарлигийн дагуу тус музейн дэргэдэх 1.4 га талбайд Монголын байгалийн чулуугаар зам харгуй тавьж, 13 хөшөө баримал, хуш, нарс мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн өвөл эхлүүлсэн. Үүний хүрээнд VIII Богд Жавзандамбын 4.3 метр, Богдын лүндэн хэмээх 3.15 метр хүрэл хөшөөг босгожээ. Мөн “Шонхор, Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй есөн баримлыг суурилуулж эхэлсэн байна. Энэ талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатараас лавлалаа. Тэрбээр “Санхүүжилтийг нь төрөөс гаргасан учир нарийн тооцоо хэлж мэдэхгүй. Хөшөө баримлыг Хүннүгийн үеийн олдвор нар, сар зэргээс санаа авч хийж байгаа. Ерөнхийд нь түүхийн тухай хүүрнэх тотемууд гэж хэлж болно. Богд Чингис хаан язгуурын төр улсыг сэргээн мандуулсан. Түүнчлэн бага хаадын задралын үеэр Хүннүгийн төрийг сэргээн мандуулсан гэдэг утгыг бэлгэдэж хөшөө баримлуудыг бүтээсэн.“Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримлын эх загварыг урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урласан” хэмээлээ. Эдгээр баримлыг удахгүй урлаж дуусах бөгөөд жуулчдын нүдийг хужирлах содон цогцолбор болгохоор хичээж буй аж.

Авто машин угаалгын газрууд хөл хорионд нэрвэгджээ

  • Өдөрт 500 мянган төгрөг өлхөн олдог байсан бол одоо 200 мянгын ч орлогогүй болжээ
  • “Олсон орлогоороо цалин, цахилгаан зэрэг өдөр тутмын тогтмол зардлаа төлөөд таардаг” гэв

Коронавирусийн халдвараас сэргийлж буй нэрээр цаг үеэ мэдрээгүй буруу шийдвэр гаргаж, хөл хорио тогтоосон нь авто машин угаалгын газруудын орлогыг 30-70 хувь бууруулжээ. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 110 орчим авто машин угаалгын газар ажиллаж байна. Дөрвөн жил үйл ажиллагаа явуулж буй “Хурд” авто угаалгын газрын орлого 30-40 хувь буурч, өдөр ирэх тусам хүндэрч буй аж. Тус газрын захирал Ч.Мандахнаран “Хөл хорионоос болж дампуурлаа зарласан зарим салбаруудыг бодвол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон угаалга, цэвэрлэгээ хийдэг учир “арай амь тавиагүй” гэж хэлж болно. Одоогийн байдлаар 30-40 хувь буураад байна. Орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч 30 орчим ажилчдынхаа цалинг тасалдуулалгүй, түрээсээ төлөөд болгохыг хичээж л байна. Түрээслэгч байгууллага хөнгөлөлт үзүүлж байгаа нь бага ч гэсэн нэмэр болсон. Манай ажилчдын дийлэнх нь цагийн ажилтан байдаг. Коронавирусээс болоод байгууллагууд ажилчдаа цомхотголд оруулж, цалингаа өгөхгүй байгаа тул ажил хайсан хүмүүс их холбогддог. Өмнөхөө бодвол цагийн ажилчдын тоо нэмэгдсэн” гэв. Харин “Нано” авто угаалгын газрын орлого 50 хувь багасжээ. Энэ бизнест хөл тавиад удаагүй байгаа шинэхэн түрээслэгч Б.Золзаяа “Энд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ярьснаар коронавирус гарснаас болж ямар ч орлогогүй өдөр олон байсан гэсэн. Үүнээс болоод 10 орчим ажилчны тал нь ажлаасаа гарсан байлаа. Орлого үнэхээр муу байна. Дээрээс нь түрээсийн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа нь дарамт болдог. Арга ядахдаа өөрийнхөө зээлийг хойшлуулж, түрээсээ төлж байна. Олсон орлогоороо ажилчдын цалин, урсгал зардлаа төлөөд дуусдаг. Зун болоод ч тэр үү үйлчлүүлэгч улам багассаар байна. Коронавирусээс болж санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хүмүүс байрныхаа гадаа, эсвэл зуслан дээрээ машинаа угаадаг болсон” хэмээлээ. Арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан VIP авто машин угаалгын газрын орлого 50 хувь буурчээ. Хөл хорионы улмаас үйлчлүүлэгч багассаны зэрэгцээ түрээслэгч байгууллагын ажлын цаг багассан нь орлогод шууд нөлөөлдөг хэмээн зохион байгуулагч нь учирлаж байлаа. Харин нэрээ нууцлахыг хүссэн авто машин угаалгын газрын орлого 60-70 хувь буурсан гэв. Тус газарт ажилчид ч олдохгүй хэцүү буй гэнэ. Цалингаа голсон ажилчид нь илүү их мөнгө олохоор сонгуулийн ажил руу хошуурч, ажлаа орхин явжээ. Өмнө нь өдөрт 500 мянган төгрөг өлхөн олдог байсан бол одоо 200 мянган төгрөгийн орлогогүй хэцүү байна гэв. Тэрбээр “Олсон орлогоороо цалин, цахилгаан зэрэг өдөр тутмын тогтмол зардлаа төлөөд таардаг. Түрээсээ өөрөөсөө гаргаад 2-3 сар болж байна. Сургууль, цэцэрлэг орохгүй байгаатай холбоотойгоор хүүхдүүдээ хүргэх ажилгүй болсон эцэг, эхчүүд машинаа цэвэрлүүлэх нь хүртэл багассан” гэв. Арай гэж хөл дээрээ тогтсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг УОК-ын сүржин хөл хорио дампууруулж дуусах нь.

Колорадо, Техас мужаас хураагдсан динозавруудын олдворыг авчирна

  • АНУ-ын Сиэтл хот руу ниссэн МИАТ-ийн онгоц буцаж ирэхдээ Монголын олдвор болох динозавруудын ясыг авчрах юм байна

МИАТ компанийн тусгай үүргийн онгоц АНУ-д гацсан иргэдийг авчрахаар Сиэтл хот руу ниссэн билээ. Тус онгоц буцаж ирэхдээ АНУ-д хууль бусаар зарагдаж байсан Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчрахаар болсныг тус улсад суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттертээ жиргэсэн юм. Энэ талаар Палеонтологич, доктор, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Би динозавруудыг эх орон руугаа буцаахад гар бие оролцсон. АНУ-ын Колорадо болон Теxas мужаас хураагдаж, шүүх хурлаар хэрэг нь шийдэгдсэн дөрвөн тѳрлийн динозаврын долоон олдворыг Монгол руу буцаах гэж байна. Үүнд тарбозаврын гурван олдвор бас бий. Тарбозавр, галлимимус хоёр нь махчин динозавр, протоцератопс, нугасан хошуут нь ѳвсѳн тэжээлтэн байгаа юм. Би Техас мужаас хураагдсан тарбозаврын олдвор дээр ажиллаж, Монголынх мѳн гэдгийг тогтоож, шүүх хуралд гэрчээр оролцсон. Эдгээр динозаврын олдворыг АНУ-ын Засгийн газар нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо хүлээж авсан. Би Монголыг тѳлѳѳлж тэр ѳдѳр динозавруудаа хүлээн авч, баглаж, боосон юм. Гуравдугаар сард Монгол руу буцаах байсан боловч халдварт өвчин дэгдэж, Нью-Йоркт хөл хорио тогтоосон тул тус хотод хадгалж байлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Сиэтл хот руу явуулж, Монголоос ирж буй онгоцонд ачуулахаар болсон. Нутагтаа аваачиж, музейд хадгалах юм” хэмээн ярилаа.